Followers

Нийт үзсэн

Powered by Blogger.
Loading...

Хамгийн их үзсэн

Улаанбаатарт

Монгол бөх

Posted by Б.ЦОЛМОН Tuesday, November 15, 2011 0 comments




Үндэсний бөхийн барилдаан нь олон зуун жилийн түүхэн уламжлалтай, үндэсний шинж чанарыг агуулан хөгжиж ирсэн гүн гүнзгий утга учир дэг жаяг бүхий наадмын нэг төрөл юм. Монгол овогтны бөхийн барилдааны түүхэн хөгжилд:
· Монголчуудын бух барилдаан
· Халх бөхийн барилдаан
· Өвөрмонголын барилдаан гэж байсан бөгөөд эдгээр барилдаанууд нь адил төстэй болон ялгаатай зүйлүүдтэй.
Адил төстэй зүйлүүд нь:
  • Бөхчүүдийн өмсгөл
  • Дэвээ шаваа
  • Бөхийн засуул, хөлийн цэц
  • Барилдах талбай
Ялгаатай зүйлүүд нь:
Бөхийг унасанд тооцох хэлбэрүүд нь өөр. Тухайлбал:
· Бух барилдаанд-далаар нь шороодуулан хөдөлгөөнгүй дарах
· Халх барилдаан  - толгой, өвдөг, тохой, бүх биеэр шороодуулах
· Өвөрмонгол барилдаан – хоёр гар газарт хүрэх буюу өвдөг тохой бүх биеэр шороодуулах

Монголчууд хэн нэгэн барилдсан, ноцолдсон хүнийг бөх гэж нэрлэж байгаагүй. Харин эрүүл чийрэг, хүч тэнхээ ихтэй, хурц хараатай, бусдын мэхийг хариулж чаддаг, ов мэхтэй, залирхаг хурдан шаламгай, эцэж цуцахгүй, биеийн гадаад үзэмжээр бахдам барилдааны дэвэлтийг үзэсгэлэнтэй сайхан хийдэг, эрдэмд чадалтай барилдаачдыг нэрлэдэг.
Монгол бөхийн барилдааны өвөрмөц онцлог талууд:
  1. Мэхийн олон хувилбаруудтай
  2. биеийн жингийн ялгаагүй
  3. цаг харгалзахгүй
  4.  бага цагийн дотор олон бөхийг барилдуулдаг
  5. барилдааны талбайг хязгаарладаггүй
Оноолтоос гадна өндөр цолтой бөхчүүд нь 3 даваанаас эхлэн ам авч барилдана.
Үндэсний бөхийн барилдааны гараа, дэвээ, шаваа, эдэлж хэрэглэж буй хувцас өмсгөлүүд, цол олгох болон, цоллох журам, ам угтуул авах, тахим авах, тахим өгөх ёс, бөхийн засуул, хөлийн цэц гэх зэрэг үйлдлүүд нь хүмүүсийн сэтгэл санааг эзэмдэн бадрааж чаддаг, урлаг спортыг хослуулан үндэсний өвөрмөц шинжийг хадгалдсан маш нарийн нандин зан заншил гэж ойлгох хэрэгтэй.
Үндэсний бөхийн барилдаан нь өөрийн гэсэн өвөрмөц зохион байгуулалттай бөгөөд барилдаан эхлээд дуусах хүртлээ дараах 3 үед хуваагдана. Үүнд:
  1. Эхэн буюу гаралтын үе
  2. Үндсэн буюу барилдааны үе
  3. төгсгөл буюу оролтын үе
Бөхийн барилдаанд:
Оноолт хийх, ам авах, бөх тавих, тахим авах ба өгөх зэрэг өвөрмөц шинжүүд байдаг.
Барилдах бөхчүүдийг нэг хоёрын даваанд оноолтоор, 3 даваанаас хойш цолтой бөхчүүдийн цолны болон амжилтын эрэмбээр ам авалтаар явуулахыг оноолт гэнэ.
            Ахлах цолтой бөхчүүд гарын даа нар дээр ирж бөхчүүдийн нэрсийг дуудуулан дуртай бөхөө нэр заан авч барилдахыг ам авах гэнэ.
          Бөхчүүд барилдахаар тэмүүлэн өвдгөө тулж эсвэл засуулчын мөрөн дээр гараа тавин зогсоо тэр агшинд засуулчид бөхийн малгайг магнайн тус газраас нь хүндэтгэлтэйгээр аван “Тэр бөх  хэний хэн бэ” гээд өөрийн бөхийн алдар нэр цолыг уянгалуулан дуудахыг бөх тавих гэнэ.
Гараа дэвээ шавааны тухай
          Монгол бөхчүүд эрт дээр үеэс Гарьд, Бүргэд, Харцага, Шонхор зэрэг шувуудын шинжийг илтгэн барилдахын өмнө гараа ба дэвэлтийг хийж ирсэн нь бөхчүүдийн сүр жавхланг харуулахын зэрэгцээ бие халаалт нь болдог байна.
Гараа нь: Бөхчүүд барилдааны талбайд гарахдаа гуяны өвөр талд 2, ард нь нэг удаа алгадаж гардаг. Энэ нь морь, сур, бөх гэсэн эрийн гурван наадмын утгыг илэрхийлж буй бөгөөд барилдахын өмнө гуяны өвөр, ар талд нэг нэг удаа алгадах нь хоёулаа хүчээ үзье гэсэн утга юм.
Шаваа нь: бөхчүүд дэвэлтийнхээ төгсгөлд нар зөв эргээд 2 хөл дээрээ хагас сууж гараа алдлан баруун зүүн тал руугаа цээжээ хагас эргүүлэн өөрийн сурсан шавалтыг хийнэ. Шавалт нь нисэж ирсэн шувуу буухдаа далавчаа хумьж байгааг дүрслэн гуяны дотор гадна тус нэгэнтээ алгадан учираа бөхийнхөө зүг эргэнэ.
Бөхчүүдэд цол олгох: Манай эрины YIII зууны үед бөхийн цол, гуншин үүсэж, XIII зууны дунд үеэс одоогийн хэрэглэж начин, заан, арслан зэрэг араатан амьтны нэрээр цолыг өгдөг байснаа 2004 оноос 5 даваанаас эхлэн даваа бүрд дараах цолыг олгож байна.
          5 давсан бөхөд                Улсын начин цол
          6 давсан бөхөд                Улсын харцага цол
7 давсан бөхөд                Улсын заан цол
          8 давсан бөхөд                Улсын гарьд цол
          9 давсан бөхөд                Улсын арслан цол
          Түрүүлсэн бөхөд               Улсын аварга цол өгдөг.
Улсын болон аймгийн наадамд анх удаа түрүүлсэн бөхөд арслан цол, арслан цолтой хүн дахин түрүүлбэл аварга цолыг, аварга цолтон түрүүлбэл далай аварга, далай аьарга цолтон түрүүлбэл даян аварга, даян аварга цолтон түрүүлбэл улсын дархан аварга цол олгодог журамтай.
    Улсын наадамд: 
                  Ам авалтын гурвын даваа
                  Цол чимэг хүртэлтийн тавын даваа
                  Цол ахиулалтын долоогийн даваануудад зүүн ба баруун талын тэргүүн дээд магнай бөхчүүдийн цолыг дуудна.
Үзүүр түрүү булаацалдахаар гарч байгаа бөхчүүдийн гараанаас гарахад баруун зүүн талын засуулууд араас нь их хүч чадалтай бөхчүүд гарсныг
илтгэн ханаран унах хэлбэрээр сөхөрч суун хүндэтгэл үзүүлдэг.
Монгол бөхийн өмсгөл.
Монгол бөхийн өмсгөл нь монгол улсын үндэсний бөхийн сүр жавхааг илтэн харуулсан гоо үзэмж, төгс утга бүхий эдлэл юм.
Өмсгөл нь барилдааны эрхэм ёсыг гүйцэтгэх мэхийн барьц хангах бөхчүүдийн хүдэр бие галбирыг харуулах барилдааны арга бүхий бүтээлийн нэг төдийгүй, барилдаагүй цагт өнгийг нь дотор нь хийж эвхэн хүндэтгэлтэй байранд нандигнан хадгалдаг жамтай.
Монгол бөхийн өмсгөлд:

  • Дөрвөн талт жанжин малгай
  • Зодог шуудаг
  • Нөмрөг
  • Ээтэн хоншоортой монгол гутал орно.
Малгай: Утга төгөлдөр агуулга бүхий жанжин малгайг газар тавилгүй өмсөж засуулууд гартаа залан өргөн барьдаг. Малгайны 4 тал нь монголын 4 аймгийг, орой дээрх зангидмал сампин нь шавь 5 газрыг төлөөлүүлэн бүтээсэн бөгөөд 1995 оноос 4 талт малгайг улаан залаатай болгож түүн дээр шар өнгийн туузаар наадамд гаргасан амжилтыг тэмдэглэж малгайг 4 талд нь аварга, арслан, заан, начин цолыг илтгэн харуулсан хүчитнүүдийн дүрсийг мөнгөөр сийлэн хийсэн онцлох тэмдэгтэй болжээ.
Залаа: Залаа нь үндэсний бөхийн барилдаанд гаргасан амжилтыг илтгэн харуулна. Хөндлөн “шар” туузыг дүрэмд заасан хэмжээний дагуу залаан дээр хөндлөн хадна.
Зодог шуудаг: Монгол бөхийн зодог нь “саран” ба “уутан” хэлбэрийн гэсэн 2 янзын эсгүүртэй. Зодог шуудгийг зөөлөн торгомсог эдлэлээр эсгэж, мяндсан утсаар ирмэглэн шидэж шуудагны гуяны хэсгийг зөөлөн сур буюу арьсаар сүлжэж ханцуйны уяаг мяндсан утас хадгаар хийнэ. Зодогны элэг бүс нь хүч чадал, арга мэх, зориг самбаагаар хүчирхэг байх утгыг агуулна. Өнөөгийн бөхчүүд гол төлөв хөх улаан 2 өнгийн зодог шуудгийг эрхэмлэн хэрэглэж байна. Монголчууд тэнгэр, газар, уул, усаа шүтэн өнгөний билэгдлийг эрхэмлэж бөхчүүдийнхээ зодог шуудгийг дараах өнгөөр хийдэг байжээ.
Үүнд:           Хар зодог               Улаан шуудаг
                   Шар зодог              Ногоон шуудаг
                   Хөх цэнхэр зодог    Улаан шуудаг
                   Улаан зодог           Цэнхэр шуудаг…. Гэх мэт.
Нөмрөг: Бөх барилдахаар гарч ирж буй зүүн баруун
талын том цолтой магнай бөхчүүд нөмрөг нөмөрнө.
Зүүн талын магнай бөх цэнхэр, баруун талын магнай бөх улаан нөмрөгтэй байх бөгөөд нөмрөг нь улаан, ягаан, хөх, цэнхэр, нимгэн, торгомсог эдээр хийгдсэн өргөн нарийн эмжээр бүхий хошмогтой, дугуй тойрог захтай, урд тал нь задгай, ханцуйгүй, элэг бүс нь мяндас, хадаг болон бусад зөөлөн эдийн аль нэгээр хуруунаас нарийнгүйгээр бөөрөнхийлэн хийгдэнэ.
Гутал: ээтэн хоншоортой монгол гутал нь бөх бат , эдэлгээ сайтай, алив юманд тээглэж бүдрэхгүй, монгол бөхийн мэх хийхэд нэн тохиромжтой, барилдах явцад холхин сугарахаас болгоомжлон гутлын түрий оймс 2-ын завсар хулс буюу уян модоор хавчаар хийж халтирч гулсах, бэртэл гэмтэл авахаас урьдчилан сэргийлж улам бат суурьтай болгох үүднээс хүлэг боолтыг хэрэглэнэ. Гутлын түрийнээс дээш гарсан хэсгийг хараа гэнэ. Харааг сарьсаар хээ угалз хатган гоёж урлана.

Бөхийн цол
Баруун талын засуул сонсоо
Бүрэн Эрхт Бүгд Найрамдах Монгол Ард Улсын
Ардын Хувьсгалын яруу алдарт …….. жилийн ой
Баяр наадмын улсын идэр залуу
Аварга, заан, арслан, начинаа
Энэ их баяр цэнгэлийн
Түгээмэл жавхланг бүрдүүлсэн
Түмэн олны дотроос шалгарсан
Монгол даяар алдартай
Хамаг олноо баясуулсан
Харьшгүй зоригт  хурц гарамгай
Баатар зоригт бадрангуй хүчит
Өсөн нэмэх өрнөн дэлгэрэх
Улам улам сайжрах урам мэхт залуу бөхөө
Их баяр цэнгэл наадмын
Үндэсний бөхийн барилдааны зүүн талын жигүүрт
………………………………аймгийн харьяат
Олон түмний дундаас онцлон шалгарсан
Бүхний тэргүүн бөхийн манлай
Идэр залуу аварга арслан, заан начин
Манай талын баруун жигүүр байгаа
 ……………………….. аймгийн харъяат
Залуу бөх ……………………………амлан авч олон түмний өмнө
Уран мэхийг уралдуулан барилдаж хүчийг үзье гэвээ.

              ТҮМЭН ҮЕИЙН ТҮҮХТ МОНГОЛ БӨХ





Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэдэл болсон үндэсний уламжлалт их бояр наадам ойртож, Монголчууд хуруу даран хүлээж байна. Эрийн гурван наадмаар хэдэн өдрийн турш ширдэгэн дэнжийг хотойтол, шинэхэн дээлээ гандтал нааддаг монгол түмний энэ их баяр цэнгэл нь асар их цаг хугацаа, орон зайг туулан иржээ.

Дундговь аймгийн Өлзийт сумын нутаг дахь Дэл хөнжлийн уулын элгэн хаданд барилдаж буй хоёр хүний зураг байдаг. Энэ хоёр хүн нь хоёулаа чармай нүцгэн бөгөөд нэг нь толгой дээрээ үсээ овоолон боожээ. Тэдний баруун дээд талд олон хүнийг жижгээр дүрсэлсэн байдаг бөгөөд уг зураг нь хүрлийн үеийн дурсгалд буюу одоогоос 7,000- 11,000 жилийн өмнөх үед хамаардаг гэж үзжээ. Тэгэхээр багаар 7,000 жилийн өмнө монгол бөх байсан гэсэн үг юм. Хэдийгээр хүрлийн өмнөх цаг үед хамаарна гэж эрдэмтэд үзсэн ч гэсэн барилдаж буй хоёр хүн нь чармай нүцгэн байгааг үзвэл хүн төрөлхтөн бие эрхтнээ хааж хамгаалах болсон тэр цаг үеэс өмнөх үеийнх байж болох ажээ. Бөх гэдэг нэр томьёо нь дорнод Азийн монгол Хамниган аймгийнхан эзнээ Мофо, Мохэ гэдэг байсан нэртэй холбоотой гэж үздэг. Тэрхүү Мофо, Мохэ гэсэн үгийг монголын бөх гэсэн үгний "Б" нь "М" болон хувирсан үг мөн гэж таамагласан байна. Энэ нэрийн өмнө хойно нь үг залгаж их, бага янз бүрийн цол болгодог байсан бололтой. Тавдугаар зууны үед Кидпан аймгийн тэргүүнийг Мофо-гэ, 6-р зууны үед мөн Кидан аймагт Мох-фо, монгол аймагт мофо гэж тус тус нэрлэж явсаар 11 -13 зууны үед бөх, XX зууны үед орчин үеийн монголчууд барилддаг бөх болжээ.

Монгол бөхийн үүсэл гарал нь цэрэг дайны үйл хэрэгтэй салшгүй нягт холбоотой юм. Эртний монгол овог аймаг бүр эрэмгий зориг, эр чадал, авхаалж самбаатай эрсээр өөрийн цэргийг байгуулж, түүнийгээ "Турхаг", "Хэвтүүл", "Баатрууд" гэх зэрэг онцлог шинжээр нь ангилан нэрлэдэг байв. Овог аймгийн толгойлогчид нь тэдний хүч, бяр, хөдөлгөөнийг барилдаанаар, нүдний хурц, гарын баримжааг жад шидэлт сур харвалтаар, эцэж цуцахгүйг эмнэг хангал сургалт, морин уралдаанаар сургаж, тэднийг нийтийн өмнө шалгаруулж сонгож авдаг байжээ. Мөн аян дайнд мордох буюу их тулалдаанаас эргэн ирээд сур
харвуулах, агт морь уралдуулах, хүчит бөх барилдуулан одоогийнхоор бол наадам хийдэг байжээ.

Тэртээ 13-р зууны үед эзэн богд Чингис хааны их монгол улсаа байгуулж, нийт монгол угсаатныг хамарсан нэгэн том наадам хийсэн гэдэг. Энэ наадамд нь олон омог аймгийн баатар хүчит эрс, хуран цугларч эр бяр, эрхий мэргэнээ сорин өрсөлдөж, хурдан хүлэг морио уралдуулж наадан цэнгэсэн ажээ. Бүх нийтийг хамарсан ийм том наадмын нэг нь 1214-1225 онд Сартуул улсыг байлдан дагуулсны эцэст Эргүнэ мөрний хөндийд Буга Сочигай хэмээх газар ялалтын баяраа тэмдэглэн хийсэн тухай түүхнээ тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Энэ наадамд монгол бөхийн барилдаан зарим талаар олон улсын шинжтэй болж Кипчак, Хятад, Перс, Ираны бөхчүүд, барилдаж байсан тухай сонирхолтой баримт бий.

Монгол бөхийн хамгийн гол онцлог шинжийг илтгэдэг зүйл бол өмсгөл юм. Дэлхий дахины улс, үндэстэн бүр өөр өөрийн бөхийн спорттой агаад түүнийхээ онцлог шинж, язгуур соёл, барилдааны урлаг гэх мэт олон зүйлийг харгалзаж түүнд тохирсон хувцас хэрэглэлийг буй болгожээ. Монгол үндэсний бөх ч өөрийн гэсэн хувцас өмсгөлийг бүтээж тэр нь улам бүр болвсронгуй болсоор өдгөөг хүрчээ. Өрсөлдөгчөө унагах олон төрлийн мэх болон бие эрхтэнд элдэв гэмтэл согог олохоос хамгаалахад зохицсон бөх бат өмсгөл заавал хэрэгтэй байв. Монгол бөхийн өмсгөл нь дээрх бүх шаардлагыг бүрэн хангасан бөгөөд мөн тухайн бөхийн галбир төрхийг улам сайхан болгож, эр хүний гоо үзэсгэлэнг харах боломжийг давхар олгосон байна.

Бөхийн зодог нь ихэвчлэн цэнхэр байдаг нь мөнх хөх тэнгэрийг бэлгэджээ. Харин улаан шуудаг нь Монгол бөхийн гал голомт хэзээ ч тасрахгүй үргэлжид мандан бадамлаж байхыг бэлгэдсэн байна. Харин бөө мөргөлийн үед байгаль дэлхий уул хангайг бишрэн шүтэх үзлээр ногоон өнгөтэй болсон бол шарын шашин дэлгэрч эхэлсэн цаг үед шар өнгийн өмсгөл зонхилж байжээ. Ингээд XIX зууны эхэн үе болоход аймаг, хошуу, бүс нутаг, албат, шавь зэрэг газар нутгийн болон бөхийн цол зиндаа ялгаатай болж Богдын шавийн бөхчүүд улаан өнгийн, дөрвөн аймгийн бөхчүүд цэнхэр хөх өнгийн өмсгөл өмсөж барилддаг байжээ. Харин энэ үед материалын хувьд аварга, арслан, заан цолтон хамбан, начин цолтон торгон, начнаас доош цолтон чисчүү, цолгүй бөхчүүд даалимбан зодог, шуудагтай болсон байна. Ийнхүү түүхийн янз бүрийн үеүдэд монгол бөхийн зодог шуудаг нь шашин болон өөр бусад янз бүрийн номлол бэлгэдлийн хэв шинжээс хамаарч харьцангуй ондоо өнгө, эд материалаар хийгдэж явсаар 1921 оноос ихэвчлэн улаан зодог, хөх шуудгийг хэрэглэх болсоныг хувьсгалт үзэл санааг дээдлэх үзэлтэй холбон тайлбарладаг ажээ. Ингээд уншигч танд Монгол туургатны үндсэн төлөөлөл болсон зургаан үндэстний бөхийн өмсгөлийг сонирхуулъя.

1. Өвөр Монгол. Зодог, том халхгар өмд, тугдгар монгол гутал, малгай дөрвөөс бүрдэнэ. Зодог нь булигаарыг хоёр давхарлаж, ширээсний оронд дөрвөн хуруу орчим өргөн эгнээгээр том том металл товруу шигтгэн бэхэлдэг ажээ. Мөн далбааны ар зоон дагуу мөнгөөр болон үнэт чулуугаар чимсэн гурван эгнээ урт хавтгай ялтастай байдаг. Зодогны ханцуй тохойноос үл хэтрэх охор бөгөөд товруу хадсан байна. Шуудагны оронд олон метр бөс эдээр хийсэн өвдөгнөөс дээш их хуниас бүхий халхгар өмд өмсөнө. Харин гутал нь Монгол гутал шиг хэрнээ мохоо тугдгар хоншоортой, угалз хээгээр чимсэн, хоёр шагайнд том төмөр товхтой, оймс, гутлын түрүү хоёрын завсар хулсан бэхэлгээ хийсэн байдаг аж.

2. үзэмчин бөх. Зодог, өмд, гутал, туухуу, савслага, хормогч, хүлээ, занги гэсэн найман зүйлээс бүрдэнэ. Зодог болон бусад хувцас хэрэглэлийг булигаар, үхэр, тэмээ, бутын шир, арьс, эсгий, бөс зэргээр хийнэ. Зодог нь битүү задгай гэсэн хоёр янз байдаг аж. Задгай зодогны ханцуй өвөр Монголынхтой адил охор байх бөгөөд зодогны ар нь их бие ташаан толгой шүргэхүйц урт байдаг. Элэг бүс нь өргөн байна. Зодогны мэр ханцуй зэргийг булигаар сайраар захлан бөх бат ширнэ. Битүү зодог нь мөн охор ханцуйтай. Их бие нь хүрэмтэй төстэй байдаг. Нэр цуутай бөхчүүдийн зодог нь ханцуй, дал, мөр, ар, их биеийн хэсэгт мөнгөн, гуйлан товруу хадаж түүн дээр гарди, луу, бар, арслан мэт хүчтэнийг дүрслэх буюу "Хүчээр дийлэх" гэсэн үг сийлсэн байдаг. үзэмчин бөхийн хормогч нь бөхийн бэлхүүсийг халхалж зодогны хормой өмдний захыг хамтатган дарж бэхлэх зориулалттай. үзэмчин бөхийн барилдаанд зориулж хэрэглэдэг өмдийг ардын уламжлалыг дагаж "тохой" хэмээх хэмжүүрээр тодорхойлж бичсэнийг үзвэл, 20-40 тохой бөс бараагаар хийх бөгөөд өмдний захын тойрог арван гурван тохой, шуумагны үзүүрийн тойрог дөрвөн тохой гэхчилэн олон хуниас бүхий шалхгар өмдтэй байдаг аж. үзэмчин бөхийн хувцас хэрэглэлийн өөр нэг онцлог бол "туушуу" юм. Туушуу улаан, хөх зэрэг тод өнгийн торгомсог эдээр хийж сүрлэг хүчирхэг амьтдын дүрс хатгамалдсан байх бөгөөд бөхийн өвдөг хамгаалах зориулалт бүхий зүйл юм.

3. Ойрад Ордос бөх. Зодог, шуудаг, гутал малгай зэргээс бүрдэнэ. Ордос бөх хувцсаа арьс, шир, эсгийгээр хийдэг байсан ба хожим нь торгомсог эдээр хийх болжээ. Зодогны энгэр задгай, ханцуй охор, шуудаг "өмд" нь өвдөгнөөс үл хэтрэх байдалтай хагас охор байна. Зодгоо алт, мөнгө, гууль, зэс гэхчилэн үнэт эдлэлээр товруу хийж бэхлэж чимнэ. Ордос бөхийн малгай нь дөрвөлжин хөх арчуур, эсвэл арьсаар хийсэн монгол маягийн малгай байна. Барилдахад зориулсан өмд буюу шуудаг нь сайн элдэж зөөллөсөн шир, арьсаар хийсэн өвдөг үл хэтрэх охор өмд байна. Ордос бөхчүүд өвөл цагт ширээр Хийсэн Монгол хэвийн гутал өмсөх ба зун бөсийг шаглаж оёсон өндөр түрийтэй шаахай маягийн гутал өмсөж барилддаг ажээ.

4. Ойрад /Шиньжаны/ бөх. Цээживч зодог шуудаг /өмд/ гутал зэргээс бүрдэнэ. Цээживчийг бугын идээлсэн арьсаар хийж, зэс товруу
хадаж бэхлэх ба ар талд нь "луу" "бар" мэт хүчтэнийг хатгамалдсан байна.

5. Баруун Монголын бус ноолдоон бөх. Зөвхөн арьсаар хийсэн шалбуур өмд байна. Шалбуурын ар биед бат бэхийг бэлгэдсэн эвэр угалз хадна.

6.Монгол /халх/ бөх. Зодог, шуудаг, гутал, оймс, нөмрөг, эрээн булчин буюу гутлын түрийний боолт хүлэг гэсэн долоон хэсгээс бүрдэнэ.
Монгол бөхийн хамгийн үзүүштэй зүйл нь уран хурц мэх юм. Мэхний талаар эрдэмтэд олон янзаар бичдэг ч үндсэн 45 мэхтэй гэж үздэг. Харин нарийн хувилбарын тоо нь маш олон байх ажээ. Зарим нэг баримтанд 666 мэхтэй ч гэж үзсэн байдаг. Мэхийг дан мэх, давхар мэх, угсраа мэх, хариулт мэх хэмээн ангилдаг.

Монгол бөхийн цолыг цаг хугацааны хувьд нарийвчлан үзвэл 1,600-гаад жилийн түүхтэй. 11-р зууны сүүлчээс эхлэн бөхчүүдэд харцага, бүргэд, гарьд, шонхор зэрэг хүчит хийгээд шаламгай жигүүртэн амьтны нэрээр цолыг олгож байжээ. 12-р зууны дуңд үеэс тулгат, шандас гэдэг цолыг нэмэн олгож байсан бол 13-р зууны дундаас одоогийн хэрэглэж байгаа начин заан, арслан аварга зэрэг цолуудыг наадамд шөвгөрсөн бөхчүүдэд олгох болжээ. Харин Монгол бөхийн цолны чимэг нь 18-р зууны үед үүссэн бөгөөд Монгол бөхийн хөгжлийн явцад ижил цолтнууд ихэд олширсноор тэдгээрийг хооронд нь ялгаж тухайн бөхийн чанаруудыг нь харгалзан олгох болжээ.

2005 онд батлагдсан үндэсний баяр наадмын тухай хуулиар даваа болгонд цол олгосоор монгол бөхийн хамгийн дээд цол Дархан аварга цол болсон билээ.
1921 оноос хойш буюу орчин цагт хамгийн өндөр амжилт үзүүлсэн тамирчин бол Дархан аварга Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ бөгөөд улсын баяр наадамд нийт 11, мөн Дархан аваргууд болох Хорлоогийн Баянмөнх 10 түрүү, Бадамдоригийн Түвдэндорж 7 түрүү, Жигжидийн Мөнхбат 6 түрүү, Дарийн Дамдин 5 түрүү, Дашдоржийн Цэрэнтогтох 4 түрүү авсан өндөр амжилтуудыг үзүүлжээ.

| edit post